ТЭМЦЭЭНИЙГ ЯВУУЛАХ ТУХАЙ
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг явуулах тухай эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны А/137 тоот тогтоолоор олгосон. Тэмцээний хөрөнгө, мөнгийг төсөвт тусгах, зохион байгуулахад БСШУЯ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО
Тэмцээний зорилго нь Монголын гандболын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гандболын спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх, тамирчидын ур чадвараа дээшлүүлэх, олон улсын спортын амжилтыг сорих, гандболын спортын дэмжигчдийн тоог ахиулах, ард түмэндээ гандболын спортыг сурталчилан таниулах, Монголын гандболын мэргэжилтэнүүд Олон улсын тэмцээнийг зохион байгуулах туршлага хуримтлуулах зэрэг явдал юм.
Монгол улсад гандболын спорт 1979 оноос хөгжсөн бөгөөд хоёр дахь удаагаа олон улсын чанартай тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг Зохион байгуулах хороог 2019 оны 03 дүгээр сард байгуулан Зохион байгуулах хорооны даргаар Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Монголын Гандболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш нарыг томилжээ. Тэмцээний ЗБХ-ны ажлын албаны үүргийг МГХолбоо гүйцэтгэн Спортын төв ордны 304 тоот өрөөнд ажиллаж байна.
ТЭМЦЭЭН БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД ЯВАГДАНА
Монгол улсад байгаа олон улсын гандболын стандартын цорын ганц стандартын талбайтай газар Буянт-Ухаа спортын ордон юм. Иймээс тэмцээний үйл ажиллагааг тус ордонд явуулахыг ОУГХолбоо зөвшөөрчээ. Гандболын спорт нь 20 метрийн өргөн, 40 метрийн урттай талбайд явагддаг. Талбайн гадуур нөөц тоглогчдын суудал, шүүгчид болон тэмцээнийг удирдах албан ёсны хүмүүсийн ширээ, сандал, тоног төхөөрөмжүүд байрлууладаг. Түүнчлэн гандболын хаалганы ард хэсэгт бөмбөг тогтоогч 4 м өндөр х 25 м урт тор татах юм. Тамирчдын хувцас солих өрөө, бие халаалтын танхимууд нь БУСО-д засагдна. Энэ бүх зүйл нь ОУГХ-ны техникийн шаардлагад бүрэн нийцэж байна.
ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬ
ТЕХНИКИЙН АСУУДАЛ БА ШҮҮГЧИД
Тэмцээн “Molten” брэндийн бөмбөгөөр явагдана. Бие халаалт, тэмцээнд зориулан тоглолтын бөмбөгийг гадаадаас Монгол улсад хүлээн авна. Тус тэмцээнийг шүүхээр БНХАУ, Оман, Иран, Тайланд зэрэг улсаас олон улсын шүүгч нар Монголд хүрэлцэн ирнэ. Техникийн комисст Хорват, БНХАУ, БНСУ-ын төлөөлөгчид томилогдон ажиллах юм.
ТЭМЦЭЭНД 5 ОРНЫ БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОНО
Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өсвөр үе болон залуучуудын насны ангиллаар Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.
Тэмцээнд дундад Азийн зарим орнуудыг оролцуулахаар ОУГХ-ноос хувиарлан тогтоосон билээ. Үүнд: Киргизстан, Монгол, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг 5 орны 10 багийн 140 гаруй тамирчид оролцоно. Багийн бүрэлдэхүүнд тамирчдаас гадна дасгалжуулагч, шүүгчид, багийн ахлагч нар орж байна.
ТАМИРЧИД “IBIS STYLES” БОЛОН “ROYAL MOUNTAIN”
ЗОЧИД БУУДАЛД БАЙРЛАНА
Гадаад, дотоодын баг тамирчдыг “Ibis styles” болон “Royal mountain” зочид буудлуудад хүлээн авч байрлуулахаар МГХолбооноос тус буудлуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна. Тамирчид буудалдаа мандатаа авч, мэдээ, мэдээлэлээ хүлээн авах бололцоо бүрдүүлэх ба МГХолбооноос байнгын штабыг ажиллуулна. Түүнчлэн баг бүрт сайн дурын оюутнууд үйлчилнэ. Хан-уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, харуул хамгаалалтын албанаас тамирчдын аюулгүй байдлыг хангана.
ТЭМЦЭЭНИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛНЭ
Олон улсын гандболын цомын тэмцээнийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг тэмцээний Зохион байгуулах хорооноос гаргалаа. Тиймээс ЕБСургууль, ИДСургууль, аж ахуйн нэгж байгууллагын хүмүүсийг энэ тэмцээнийг хуваарийн дагуу ирж үзэж сонирхохыг тэмцээний Зохион байгуулах хорооноос урьж байна. Монголын баг тамирчидаа дэмжин анхны олон улсын тэмцээнээс медаль хүртэх урам хайрлахыг Монголын гандболын холбоо нийт нийслэлчүүд, Монголын ард түмэндээ уриалж байгаа ажээ.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО